МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль тогтоомж
2.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг;
3.1.2.”эмнэлэг” гэж эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
3.1.3.”өрхийн эмч” гэж өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүний их эмчийг;
3.1.4.”эрүүл мэндийн даатгал” гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.1-д заасныг;
3.1.5.”эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ” гэж эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний илгээсэн үйлчлүүлэгчид энэ хуулийн 8.1-д заасан байгууллагаас үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг;
3.1.6.”хяналт тавих” гэж эрх бүхий байгууллагаас эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн холбогдох хууль тогтоомж, заавал мөрдөх стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, шалгах, үнэлэх, зөвлөн туслах цогц арга хэмжээг;
3.1.7.”нэг иргэнээр тооцсон төлбөрийн арга” гэж өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын санхүүжилтийг өрхийн эмчид бүртгүүлсэн иргэнээр тооцохыг;
3.1.8.”тохиолдолд суурилсан төлбөрийн арга” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг урьдчилж багцлан тооцож санхүүжүүлэхийг.
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл
4.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ дараахь төрөлтэй байна:
4.1.1.өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний анхан шатны тусламж, үйлчилгээг бие дааж, эсхүл багаар үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
4.1.2.өрхийн анагаах ухаанаас бусад мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж, эсхүл багаар үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ;
4.1.3.жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эх, ураг, нярайд эмнэлгийн мэргэжилтний үзүүлэх эх барихын тусламж, үйлчилгээ;
4.1.4.хүний амь насанд аюултай өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж;
4.1.5.гэнэтийн цочмог өвчин эмгэг, осол, гэмтэл, хордлого, жирэмсэн, төрөх, амь тэнссэн үед эмнэлгийн тусламжийг газар дээр нь болон тээвэрлэх явцад үзүүлж, эмнэлэгт хүргэх түргэн тусламжийн үйлчилгээ;
4.1.6.өвчин эмгэг бүхий үйлчлүүлэгчийг асран сувилах замаар эрүүл мэндийг дэмжих, хөнгөвчлөх, илааршуулахад чиглэсэн сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ;
4.1.7.өвчин эмгэг, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээ.
5 дугаар зүйл. Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
5.1.Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, хянах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах үйл ажиллагааг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ хамаарна.
5.2.Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
5.3.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.4.Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.5.Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ.
6 дугаар зүйл. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн чиг үүрэг
6.1.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2, 16.7-д заасан үндсэн чиг үүргээс гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.1.1.энэ хуулийн 6.2-т заасан жагсаалт дахь тусламж, үйлчилгээг үзүүлэх;
6.1.2.эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ, эх барихын тусламж, үйлчилгээ, сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнийг холбогдох эрүүл мэндийн байгууллагад илгээх, эргэх холбоо тогтоох, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах;
6.1.3.харьяа нутаг дэвсгэрийн хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэх;
6.1.4.энэ хуулийн 6.2-т заасан жагсаалтын сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хийх;
6.1.5.сум, тосгоны эрүүл мэндийн төв түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх.
6.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7 дугаар зүйл. Иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийг сонгон бүртгүүлэх, лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ авах
7.1.Монгол Улсын иргэн өөрийн оршин суугаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийг сонгон үйлчлүүлнэ.
7.2.Орон нутгийн иргэн ойр байгаа нутаг дэвсгэрийн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийг сонгон үйлчлүүлж болно.
7.3.Иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчээ сонгон бүртгүүлэхтэй холбогдох харилцааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
7.4.Иргэн өөрийн болон гэр бүлийн гишүүний эрүүл мэндтэй холбоотой асуудлаар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид хандах бөгөөд эмчийн заавар, чиглэлээр эрүүл мэндийн холбогдох бусад байгууллагад хандана.
7.5.Иргэн дараахь тохиолдолд эмнэлгийн лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэг болон хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төвд шууд хандаж болно:
7.5.1.осол, гэмтэлд өртсөн, амь тэнссэн, эмнэлгийн яаралтай тусламж авах хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн;
7.5.2.төрөх үеийн эх барихын яаралтай тусламж, үйлчилгээ авах;
7.5.3.шүд, эрүү, нүүр амны өвчин эмгэгийн улмаас тусламж, үйлчилгээ авах.
7.6.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс иргэнийг эмнэлгийн лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэгт илгээхтэй холбогдох харилцааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
8 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
8.1.Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 14.2.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газар, клиник үзүүлнэ.
8.2.Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ энэ хуулийн 3.1.5-д заасан тусламж, үйлчилгээнд хамаарна.
8.3.Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тусламж, үйлчилгээний жагсаалт, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.4.Клиник нь эмнэлгийн мэргэшсэн болон эх барихын тусламж, үйлчилгээ, яаралтай тусламжийг үзүүлэх, сургалт, судалгаа, үндсэн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ эрхэлнэ.
8.5.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газар нь эмнэлгийн мэргэшсэн болон эх барихын тусламж, үйлчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах, донорын зориулалтаар эд, эрхтэн бэлтгэх, хэрэглэх, хадгалах, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, эмнэлгийн үндсэн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ явуулна.
9 дүгээр зүйл. Эх барихын тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
9.1.Эх барихын тусламж, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиник, амаржих газар, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үзүүлнэ.
9.2.Эх барихын лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амаржих газар, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үзүүлнэ.
9.3.Эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх өрхийн эрүүл мэндийн төв, клиникээс бусад байгууллага эхийн амрах байртай байна.
9.4.Эх барихын тусламж, үйлчилгээнд мөрдөх заавар, үр хөндөх, жирэмслэлтийг таслах ажилбар гүйцэтгэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10 дугаар зүйл. Эмнэлгийн яаралтай тусламжийн зохион байгуулалт
10.1.Эмнэлгийн яаралтай тусламжийг тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиник, амаржих газар, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үзүүлэх бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөс бусад байгууллага яаралтай тусламжийн нэгжтэй байна.
10.2.Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.
10.3.Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үйлчлүүлэгчийг эрэмбэлэх болон яаралтай тусламжийг зохион байгуулахтай холбогдох заавар, журам, маягтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11 дүгээр зүйл. Түргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалт
11.1.Түргэн тусламжийн үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий түргэн тусламжийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, өмчийн бүх хэлбэрийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай эмнэлэг үзүүлнэ.
11.2.Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн чиглэлээр сургагдсан эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн баг үзүүлнэ.
11.3.Түргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
12 дугаар зүйл. Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
12.1.Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээг дараахь хэлбэрээр үзүүлнэ:
12.1.1.эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар;
12.1.2.дагнасан байдлаар.
12.2.Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд үзүүлнэ.
12.3.Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараахь төрөлтэй байна.
12.3.1.сувилахуйн төв;
12.3.2.хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв.
12.4.Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон эмнэлгээс илгээсэн үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
12.5.Сувилахуйн болон хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төвийг байгуулах журам, үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, сувилахуйн төв, хөнгөвчлөх, асаргаа, сувилгааны төвд илгээх үйлчлүүлэгчийн өвчин эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.6.Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар зохицуулна.
13 дугаар зүйл. Сэргээн засах тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
13.1.Сэргээн засах тусламж, үйлчилгээг дараахь хэлбэрээр үзүүлнэ:
13.1.1.эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар;
13.1.2.дагнасан байдлаар.
13.2.Сэргээн засах дагнасан тусламж, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд үзүүлнэ.
13.3.Сэргээн засах дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараахь төрөлтэй байна:
13.3.1.сэргээн засах төв;
13.3.2.сувилал.
13.4.Сэргээн засах тусламж, үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ.
13.5.Сэргээн засах төв, сувилал байгуулах, үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, журам болон сувилал, сэргээн засах төвд илгээх үйлчлүүлэгчийн өвчин эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13.6.Сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар зохицуулна.
14 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тусгай зөвшөөрөл
14.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.
14.2.Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.1-д заасан тусгай зөвшөөрлийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад дараах төрлөөр олгоно:
14.2.1.өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
14.2.2.эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ;
14.2.3.эх барихын тусламж, үйлчилгээ;
14.2.4.эмнэлгийн яаралтай тусламж;
14.2.5.түргэн тусламжийн үйлчилгээ;
14.2.6.сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ;
14.2.7.сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ.
14.3.Энэ хуулийн 14.2-т заасан төрлөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон техник, технологийн хэрэгцээний тодорхойлолт авах, мэргэжлийн үйл ажиллагааны төсөл боловсруулж хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хянах, бүртгэх, мэдээлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулна.
14.4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хүний нөөцөд тавих шаардлагыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага стандартын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
15 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, түүнд тавих шаардлага
15.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:
15.1.1.тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй;
15.1.2.нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх;
15.1.3.улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй;
15.1.4.бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй.
15.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.
15.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, залгамж чанарыг хадгалах зорилгоор анхны гишүүнээс дөрвийг буюу өмчлөгчийн төлөөллөөс бусад төлөөллийн тус бүр хоёр гишүүнийг гурван жилээр, бусад таван гишүүнийг зургаан жилээр сонгож, цаашид энэ хуулийн 15.2-т заасан хугацааг баримтлан баталгаажуулна.
15.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүний өмчлөгчийн төлөөллөөс бусад төлөөллийн гишүүний энэ хуулийн 15.3-д заасан хугацааг сугалаагаар шийдвэрлэнэ.
15.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор нэг удаад удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр хүртэлх тооны гишүүнийг нөхөн сонгоно.
15.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүнээс нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар олонхийн саналаар сонгоно.
15.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
15.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нас барсан, түүнийг энэ хуулийн 15.10-т зааснаар эгүүлэн татсан бол насаар хамгийн ахмад гишүүн шинэ даргыг сонгох хүртэл үүргийг нь гүйцэтгэнэ.
15.9.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын түр эзгүйд түүний санал болгосон гишүүн, хэрэв санал болгоогүй тохиолдолд насаар хамгийн ахмад гишүүн орлоно.
15.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараахь үндэслэлээр эгүүлэн татна:
15.10.1.эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
15.10.2.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
15.10.3.энэ хуулийн 15.1-д заасныг зөрчсөн нь сонгогдсоны дараа тогтоогдсон;
15.10.4.өөр ажилд шилжих болсон, улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;
15.10.5.өмчлөгчийг төлөөлөх гишүүний албан тушаал өөрчлөгдсөн;
15.10.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд дараалан гурав ба түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй.
15.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
15.11.1.энэ хуулийн 15.21-д заасан урамшууллаас гадна албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас шууд буюу шууд бусаар бэлэг, үйлчилгээ, мөнгөн орлого, зээл, тусламж авах, хөнгөлөлт эдлэх;
15.11.2.тухайн төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад нэгдмэл сонирхолтой этгээдийг санал болгох, захиалгын нийлүүлэгчээс ашиг авах;
15.11.3.гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох.
15.12.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 15.10, 15.11-д зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татах болон чөлөөлөхийг хориглоно.
15.13.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, нас барсан, эсхүл энэ хуулийн 15.10, 15.11-д заасан үндэслэлээр эгүүлэн татсан, чөлөөлсөн тохиолдолд энэ хуульд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн болон сонгон шалгаруулсан хүнийг эрх бүхий этгээд нэг сарын дотор баталгаажуулна.
15.14.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина.
15.15.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа, шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга, эсхүл таваас доошгүй гишүүний санал болгосноор хуралдуулна.
15.16.Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.
15.17.Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
15.18.Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн, санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал, санал хураалтын дүн, гаргасан шийдвэрийн тухай тэмдэглэл хөтөлж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд удирдах зөвлөлийн дарга хуралдааны тэмдэглэл, тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулна.
15.19.Төлөөлөн удирдах зөвлөл тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
15.20.Төлөөлөн удирдах зөвлөл орон тооны нэг ажилтантай байна.
15.21.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ.
15.22.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын жишиг хэмжээ, олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
15.23.Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар нээлттэй сонгон шалгаруулна.
15.24.Энэ хуулийн 15.23-д заасан нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хурал доор дурдсан төлөөллийг оролцуулан тус тусдаа хуралдана:
15.24.1.даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөллийг сонгох;
15.24.2.эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох;
15.24.3.эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг сонгох.
15.25.Энэ хуулийн 15.23-д заасан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах байгууллага нэр дэвшүүлэн сонгох хурлын товыг 14 хоногийн өмнө олон нийтэд нээлттэй зарлана.
15.26.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага дараахь шаардлагыг хангасан байна:
15.26.1.сүүлийн зургаан сараас дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан;
15.26.2.тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй;
15.26.3.санхүүгийн зөрчилгүй.
15.27.Нэр дэвшүүлэн сонгох хуралд энэ хуулийн 15.23-т заасан сонгон шалгаруулалтын дагуу даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг нэг эмнэлгийн сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлж, хуралд тухайн байгууллагын төлөөлөл нэг санал өгөх эрхтэйгээр оролцоно.
15.28.Эмнэлэг тус бүрийн нэр дэвшүүлэн сонгох хуралд энэ хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан нэр дэвшигчийг танилцуулж, илээр санал хураан олонхийн санал авсан нэг нэр дэвшигчийг, эсхүл нэр дэвшигчийн аль нь ч олонхийн саналыг аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг энэ хуулийн 15.30-д заасан эрх бүхий этгээдэд хурлын тэргүүлэгчдийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэлийг баталгаажуулан хүргүүлнэ.
15.29.Нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.30.Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, дүүргийн Засаг дарга шууд батламжилна.
16 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлага, эрх, үүрэг
16.1.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ.
16.2.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.3.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараахь шаардлагыг хангасан байна:
16.3.1.эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан;
16.3.2.эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан;
16.3.3.нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн;
16.3.4.тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй;
16.3.5.улс төрийн намын гишүүн бус;
16.3.6.хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй;
16.3.7.бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй.
16.4.Эмнэлгийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл таван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно.
16.5.Энэ хуулийн 16.7.1-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эмнэлгийн захирал гарын үсэг зурах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаас бусад эрх, үүрэг, хүлээх хариуцлага, цалин хөлс, урамшуулал, холбогдох бусад асуудлыг тусгасан байна.
16.6.Эмнэлгийн захирал дараахь нийтлэг эрхтэй байна:
16.6.1.эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох;
16.6.2.удирдлагын багийн гишүүн, байгууллагын ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах;
16.6.3.төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хуваарийн дагуу эмнэлгийн төсвийг захиран зарцуулах;
16.6.4.батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон цалингийн санд багтаан ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан урамшуулал олгох, ажилтны нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах;
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.6.5.төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах зэргээр эмнэлгийг төлөөлж үйл ажиллагаа явуулах;
16.6.6.энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх.
16.7.Эмнэлгийн захирал дараахь нийтлэг үүрэгтэй байна:
16.7.1.төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллах;
16.7.2.эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх;
16.7.3.хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах;
16.7.4.тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 10 хоногийн дотор өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн жагсаалтыг төлөөлөн удирдах зөвлөлд гаргаж өгөх бөгөөд уг жагсаалтад өөрчлөлт орсон тухай бүр төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх;
16.7.5.энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан үүрэг.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ
17 дугаар зүйл. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт
17.1.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6-д заасан тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс дараахь аргаар санхүүжүүлнэ:
17.1.1.энэ хуулийн 6.2-т заасан тусламж, үйлчилгээний жагсаалтыг нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргаар;
17.1.2.нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаа, арга хэмжээний зардлыг эдийн засгийн ангиллаар;
17.1.3.түргэн тусламжийн үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
17.1.4.жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
17.1.5.эмнэлгийн яаралтай тусламжийн зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
17.1.6.гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эдийн засгийн ангиллаар;
17.1.7.аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврах явцад гэмтсэн, өвчилсөн иргэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар.
17.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
17.3.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв энэ хууль болон Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд иргэнээс төлбөр авч тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
18 дүгээр зүйл. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиникийн үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт
18.1.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиникийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6-д заасны дагуу улсын төсвөөс дараахь аргаар санхүүжүүлнэ:
18.1.1.жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үеийн эх барихын тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
18.1.2.халдвар судлалын үйлчилгээ, заавал болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэлийн зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
18.1.3.гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээний болон нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаа, арга хэмжээний зардлыг эдийн засгийн ангиллаар;
18.1.4.хүүхдэд үзүүлэх эмнэлгийн зарим тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
18.1.5.хорт хавдар, сэтгэцийн эмгэг, халдварт өвчний зарим тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
18.1.6.түргэн тусламжийн үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
18.1.7.эмнэлгийн яаралтай тусламжийн зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
18.1.8.аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврах явцад гэмтсэн, өвчилсөн иргэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
18.1.9.удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
18.1.10.бие махбодын ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар.
18.2.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиникийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
19 дүгээр зүйл. Сувилахуйн төв, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, сэргээн засах төв, сувиллын үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт
19.1.Сувилахуйн төв, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, сэргээн засах төв, сувиллын үзүүлэх сувилахуйн болон сэргээн засах дагнасан тусламж, үйлчилгээний санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
20 дугаар зүйл. Түргэн тусламжийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт
20.1.Түргэн тусламжийн байгууллагын үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар улсын төсвөөс санхүүжүүлнэ.
21 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт
21.1.Энэ хуулийн 17.1, 17.2, 18.1, 18.2, 19.1, 20.1-д заасан тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хэмжээг тогтооход тухайн тусламж, үйлчилгээний удирдамж, стандартад суурилсан норматив өртгийн тооцоонд үндэслэсэн жишгийг мөрдөнө.
21.2.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиник нь энэ хуулийн 18.1, 18.2-т заасан тусламж, үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэх бөгөөд санхүүжилт авах журам, гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
21.3.Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар зохицуулна.
21.4.Энэ хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтад ороогүй үйлчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу нэмэлтээр үзүүлж болох бөгөөд нэмэлт үйлчилгээний төлбөрийг иргэнээс төлүүлэхтэй холбогдох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
21.5.Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагын үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон энэ хуулийн 21.4-т заасан нэмэлт тусламж, үйлчилгээний төлбөрийг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
21.6.Хувийн хэвшлийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, түргэн тусламжийн төвөөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх энэ хуулийн 18.1-д заасан улсын төсвөөс санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, сонгон шалгаруулах болон гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг Засгийн газар батална.
21.7.Энэ хуулийн 21.6-д заасан үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дангаар болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлнэ.
21.8.Хувийн хэвшлийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, түргэн тусламжийн төвөөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх энэ хуулийн 18.1-д заасан тусламж, үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭМЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
22 дугаар зүйл. Мэргэшсэн болон резидент эмчийн эрх, үүрэг
22.1.Мэргэшсэн эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
22.1.1.үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх;
22.1.2.эмийн жор бичих;
22.1.3.нас барсныг тогтоох;
22.1.4.хүйсийг тогтоох;
22.1.5.цэргийн алба хаах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах, хуульд заасан зарим албан тушаалд томилогдох болон бусад нөхцөлд иргэний эрүүл мэндийн талаар тодорхойлолт гаргах;
22.1.6.шүүх, прокурорын байгууллагын шийдвэрээр эмчийн үзлэг хийх, шинжилгээ авах, эмчилгээ хийх, дүгнэлт гаргах, иргэний эрх зүйн чадамжийг үнэлэх;
22.1.7.өөрийнх нь шууд хяналт, удирдлагад ажиллах резидент эмчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
22.1.8.оношлох, эмчлэх зорилгоор үйлчлүүлэгчид үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх ажлыг резидент эмчээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд резидент эмчид зөвшөөрөл олгосон шийдвэрийг бичгээр үйлдэж, удирдах албан тушаалтанд мэдэгдэх;
22.1.9.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
22.2.Резидент эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
22.2.1.энэ хуулийн 22.2.2, 22.2.3-т заасан ажлыг гүйцэтгэхдээ мэргэшсэн эмчээс арга зүйн туслалцаа авах;
22.2.2.эмнэлгийн удирдах албан тушаалтны баталсан резидент эмчийн бие даан үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын дагуу үйлчлүүлэгчид үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх;
22.2.3.мэргэшсэн эмчийн шууд хяналт, удирдлага доор үйлчлүүлэгчид үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, мэс засал, ажилбарыг хийх;
22.2.4.энэ хуулийн 22.2.2-т заасан ажлыг гүйцэтгэх явцад аливаа хүндрэл гарсан тохиолдолд мэргэшсэн эмчид цаг алдалгүй мэдэгдэх;
22.2.5.хууль, тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
22.3.Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
22.4.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараахь сургалт, мэргэшлийн зэрэгтэй холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ
23 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг магадлан итгэмжлэх
23.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага тусламж, үйлчилгээний төрөл, технологи, чанар, гүйцэтгэлийг үнэлүүлж, сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлэл авна.
23.2.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэхтэй холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
24 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
24.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ий өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24.3.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчигчид хариуцлага торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Сошиал хуудсууд: